СҮХБААТАР АЙМГИЙН 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 01 сар 26. 05 цаг 51 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Өрх, Хүн ам

Оны эцэст өрх, хүн амын тоо 18.4 мянган өрх, 62.9 мянган оршин суугаа хүн амтай болж урьд оноос өрх 156, хүн ам 313 хүнээр өслөө. Нийт өрхийн 50.3 хувь, хүн амын 51.2 хувь нь хөдөөд амьдарч байна.
       Хүн амын 49.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 61.4 хувийг 15-59 насныхан, 31.4 хувийг 0-14 насныхан, 7.2 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 62.8 хувьтай байна. Аймгийн хэмжээнд Баруун-Урт сумын 1-р баг 1108 өрх, 3709 хүнээр 67 баг дотор тэргүүлж байна.
       Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр энэ онд шинээр төрсөн 1489 хүүхэд, нас барсан 365 хүн бүртгүүлсэн байна.   
      Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2019 оны жилийн эцсийн байдлаар 1291 хүүхэд шинээр мэндэлж, 351 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 940 болж, 2018 оноос 1.2 хувь буюу 11-ээр буурсан. 1000 хүнд ногдох төрөлт 20.8, нас баралт 5.7 байгаа нь өмнөх онтой харьцуулахад төрөлт 0.7, нас баралт 0.2 пунктээр тус тус буурсан байна.
 

I.2 Хөдөлмөр

 Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 12 дугаар сарын эцэст 867 болсны 409 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 630 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.6 хувь буюу 17 хүнээр буурсан байна. Жилийн эцсийн байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 2763 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 802 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 53.2 хувь нь 15-34 насны залуучууд байна.
     Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 13.0 хувь нь дээд, 2.5 хувь нь тусгай дунд, 7.5 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 51.4 хувь нь бүрэн дунд, 15.7 хувь нь суурь, 6.5 хувь нь бага боловсролтой, 3.3 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
       2019 оны байдлаар 863 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 38.0 хувь буюу 232-оор өсчээ. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл боловсруулах үйлдвэр 172 буюу 20.4 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 158 буюу 18.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.
 

I.3 Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлого жилийн эцсийн байдлаар 18.4 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 25.7 хувиар өсчээ. Үүнээс ажил олгогчоос 16.7 тэрбум төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 25.6 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 1.3 тэрбум төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 45.7 хувиар өсчээ.
      Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын сангаас нийт 8.1 мянган иргэнд 32.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосноос, 6.1 мянган өндөр настанд 24.2 тэрбум төгрөг, 1.2 мянган тахир дутуу иргэнд 4.2 тэрбум төгрөг, 440 тэжээгчээ алдсан иргэнд 1.3 тэрбум төгрөг, 325 иргэнд цэргийн тэтгэвэрт 2.3 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчтөний даатгалаас 27 иргэнд 0.1 тэрбус төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Нийт тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 18.1 хувиар өссөн байна.
       Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас жилийн эцсийн байдлаар давхардсан тоогоор 31.2 мянган иргэнд 9.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.4 мянган иргэнд 2.5 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 2.3 мянган иргэнд 1.4 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 1.0 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 6.6 мянган иргэнд 2.3 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.8 мянган иргэнд 0.5 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 1.2 мянган иргэнд 0.3 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.
 

I.4 Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль: 2019-2020 оны хичээлийн жилд 16 сургуульд 12.3 мянган суралцагчид байгаагийн 49.8 хувь болох 6.1 мянга нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх оны мөн үеэс сурагчдын тоо 6.3 хувь буюу 734 хүүхдээр өсчээ. Нийт сурагчдын 54.2 хувь болох 6.7 мянга нь 1-5-р ангид, 30.2 хувь болох 3.7 мянга нь 6-9-р ангид, 15.6 хувь болох 1.9 мянга нь 10-12-р ангид суралцаж байна. Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.4 мянган сурагч элсэн орсны 47.0 хувь болох 664 нь эмэгтэй сурагч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.1 хувь буюу 43 сурагчаар буурсан байна. Мөн 12-р ангид 0.6 мянган сурагч байгаагийн 58.1 хувь буюу 0.3 мянган эмэгтэй сурагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 94.8 хувь буюу 290 сурагчаар өсчээ.
       Энэ хичээлийн жилд 424 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид 29 сурагч ногдож байна. 1 багшид ногдох сурагчийн тоо 20 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна. Нийт ажиллагсдын 58.0 хувь болох 610 нь үндсэн багш байна. Үүний 79.2 хувь болох 483 нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 5.9 хувиар өссөн байна.
       Дотуур байранд 1.0 мянган сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсчээ.
     Ерөнхий боловсролын сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд 2.3 мянган сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 1.1 мянга, суурь боловсролыг 0.9 мянга, бүрэн дунд боловсролыг 0.3 мянган сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдийн тоо 0.5 мянга буюу 16.3 хувиар буурсан байна.

     Cургуулийн өмнөх боловсрол: 2019-2020 оны хичээлийн жилд 24 цэцэрлэгийн 171 бүлэгт 5.6 мянган хүүхэд хүмүүжиж байгаагийн 50.2 хувь буюу 2.8 мянга нь эмэгтэй хүүхэд байна. Өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар буюу 454 хүүхдээр өсчээ. Нийт хүмүүжиж байгаа хүүхдийн 4.5 мянга болох 79.4 хувь нь үндсэн цэцэрлэгт, 1.1 мянга болох 20.6 хувь нь хувилбарт сургалтанд хамрагджээ. Нийт ажиллагсдын 28.4 хувь болох 167 нь үндсэн багш байна.

     Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Сүхбаатар аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2019-2020 оны хичээлийн жилд 15 мэргэжлээр 371 суралцагчид суралцаж байгаагийн 44.2 хувь болох 164 нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх оны мөн үеэс нийт суралцагчдын тоо 10.4 хувь болох 31 суралцагчаар өссөн байна. Нийт суралцагчдын 62.7 хувь болох 341 нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 64.7 хувь буюу 134 суралцагчаар өссөн байна. Мэргэжил олгох 1 жилийн сургалтанд 34 хүн сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 72.3 хувь буюу 89 хүнээр буурсан байна. Нийт суралцагчдын 18.1 хувь нь тогооч, 17.8 хувь нь барилгын засал чимэглэгч мэргэжлээр сурч байгаа нь олонх байна. Нийт ажиллагсдын 39.2 хувь нь болох 20  үндсэн багш байгаа бөгөөд өмнөх оныхоо түвшин байна.
       Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2018-2019 оны хичээлийн жилд: 11 мэргэжлээр 191 хүүхэд төгссөны 78 буюу 40.8 хувь нь эмэгтэй хүүхэд байна. Нийт төгсөгчдийн 163 буюу 85.3 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Эдгээр төгсөгчдийн 33 буюу 17.2 хувь нь тогооч, 30 буюу 15.7 хувь нь барилгын засал чигмэглэлчиний мэргэжил эзэмшжээ. Нийт төгсөгчид нь өмнөх оны мөн үеэс 25 буюу 15.1 хувиар өсчээ. Нийт төгсөгчдөөс 43 хүүхэд ажлын байртай болсон бөгөөд үүнийг ангилбал: мэргэжлээрээ ажилд орсон 27, гурван сарын дотор ажилд орсон 16 хүүхэд байна.
 

I.5 Эрүүл мэнд

2019 оны жилийн эцсийн байдлаар 273.0 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оноос 17.0 хувь, 13.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 1.5 хувиар тус тус өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 104.4 мянган хүн хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 40.9 хувиар өсчээ. Түргэн тусламжийн дуудлага 17.5 мянган удаа гарсны 4.0 мянга буюу 22.9 хувь нь алсын дуудлага байна. Өнгөрсөн онтой харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага адил түвшинд, алсын дуудлага өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна.
      Аймгийн хэмжээнд 1291 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1291 хүүхэд болж, өмнөх оноос амаржсан эхийн тоо 9 буюу 0.7 хувиар, хүүхдийн тоо 16 буюу 1.2 хувиар тус тус буурсан байна. Энэ оны эцэст нялхсын эндэгдэл 13 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхэд буюу 7.1 хувь, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 4 болж өмнөх оны мөн үеэс 3 хүүхэд буюу 42.9 хувиар тус тус буурсан байна.     
     Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо жилийн эцэст 970 болж, өнгөрсөн оноос 292 хүн буюу 43.1 хувиар өссөн байна. Цусан суулга өвчнөөр өвчлөгчид 25 буюу 48.1 хувь, салхинцэцгээр өвчлөгчид 217 буюу 2.4 дахин, сүрьеэ өвчнөөр өвчлөгчид 23 буюу 35.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.   
 

 I.6 Соёл, урлаг

Хөгжимт жүжгийн театр: 2019 онд өөрийн байранд болон явуулын тоглолтыг 4.8 мянган үзэгчдэд 20 уран бүтээлээр үйлчлэн 13.6 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс тоглолтын тоо 28.6 хувиар, үзэгчдийн тоо 44.2 хувиар тус тус өсчээ. Үндсэн тоглолтын 31.8 хувь нь жүжиг, 18.2 хувь нь концерт, 50.0 хувийг бусад тоглолт эзэлж байна. Нийт тоглолтын 9.1 хувь нь гадны тоглолт эзэлж байна.

      Музей: Аймгийн угсаатны зүйн музей 2.1 мянган үзмэрээр 3.6 мянган хүнд үйлчилж 2.8 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 0.5 мянгаар, үзмэрийн тоо 2-оор, орлого нь 24.3 хувиар тус тус буурсан байна.

     Номын сан: Аймгийн нийтийн номын сан нь 47.1 мянган номоор давхардсан тоогоор 15.3 мянган уншигчдад үйлчилжээ. Өмнөх оны мөн үеэс номын тоо 0.3 мянгаар, харин уншигчдын тоо 6.3 хувиар тус тус өсчээ.
 

I.7 ГАЗАР ӨМЧЛӨЛ

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 11.2 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.4 мянган иргэнд 938.08 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Энэ онд аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирсэнийг 100 хувь шийдвэрлэжээ.
 

I.8 Гэмт хэрэг

2019 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 525 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 139 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 159-өөр өсчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсны 42.0 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 346 хүн холбогдон сэжиглэгдсэний 33.5 хувь нь согтуугаар, 21.1 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлдсэн байна. Нийт 540 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оноос 1.8 хувь буюу 10 хүнээр буурчээ. Эрүүлжигдсэн нийт хүмүүсээс 160 хүн баривчлагдан захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
       Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 48.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.9 пунктээр буурсан байна.

 

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 142.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум төгрөгөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Банкуудад хадгалуулсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ 90.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 10.9 тэрбум төгрөгөөр буюу 13.7 хувиар өссөн байна.
       Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 1.7 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум төгрөгөөр буурчээ.

      Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 547.8 сая төгрөг болж, өмнөх оноос 12.8 хувиар буурсан байна. Энэ онд 526 хүнд 149.5 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 21.6 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 12.4 сая, жолоочийн хариуцлагад 64.2 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 35.9 сая, малын индексжүүлсэн даатгалд 2.3 сая, иргэдийн эд хөрөнгийн даатгалд 2.6 сая, гэнэтийн ослын даатгалд 10.5 сая төгрөгийг тус тус олгожээ. Энэ нь өмнөх оноос нөхөн төлбөр авсан хүний тоо 11.0 хувиар буурч, нөхөн төлбөрийн хэмжээ 21.3 хувиар өсчээ.
      Авто тээврийн үндэсний төвийн мэдээгээр 2019 онд Улаанбаатар хот руу зорчсон нийт 27.9 мянган иргэн 13.3 сая төгрөгийн амь даатгалийн хураамж төлсөн байна.
 

II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны жилийн эцсийн байдлаар 54.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 0.6 тэрбум төгрөг буюу 1.0 хувиар буурчээ. Нэгдсэн төсвийн 23.8 хувийг орон нутгийн төсвийн орлого, 14.5 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 48.1 хувийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг, 7.9 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох дэмжлэг, 5.3 хувийг урьд оны үлдэгдэл, эрүүл мэндийн даатгал сан 0.4 хувийг эзэлж байна.
       Төсвийн зарлага санхүүжилт 54.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 0.1 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар өсчээ.
       Жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хөрөнгө оруулалт 13.6 тэрбум төгрөг байна.

      II.3 Төсөл хөтөлбөр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөлд нийт ААНБ болон иргэдээс нийт 52 төсөл ирснээс 9 төсөлд 1.0 тэрбум төгрөг олгосон байна. Аймгийн хэмжээнд 47 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулан, 215.0 сая төгрөгөөр малжуулаад байна.
     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 11 иргэнд 40.0 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 15 иргэнд 150.0 сая төгрөг, нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 229 иргэнд 60.4 сая төгрөг, ахмад настны зөвлөх үйлчилгээнд 12 иргэнд 21.0 сая төгрөг, хүнсний ногоо тариалах хөтөлбөрийн хүрээнд 54 иргэнд 20.0 сая төгрөг, мөн 16 иргэнд  154.8 сая төгрөгийн жижиг зээлийг тус тус олгосон.
 

II.4 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2019 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар тус тус  өслөө.
      Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 0.4 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гуталын бүлгийн үнэ 1.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 0.3 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.7 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 3.8 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 

II.5 Статистикийн бизнес регистрийн сан

Статистикийн бизнес регистрийн санд 2019 оны эцэст 1115 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 836 буюу 75.0 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх оны мөн үеэс үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 30 буюу 3.7 хувиар өсчээ. Бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцлагын хэлбэрээр нь нь авч үзвэл ХХК нь 50.7 хувь, төсөвт байгууллага 15.7 хувь, төрийн бус байгууллага 17.0 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
     Эдийн засгийн салбарын ангилалаар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа гэр ахуйн барааны үйлчилгээнд 272 буюу 32.5 хувь, Үйлчилгээний бусад үйл ажиллагаанд 132 буюу 15.8 хувь, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаанд 66 буюу 7.9 хувь, Хөдөө аж ахуйн, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 51 буюу 6.1 хувь, боловсролын салбарын үйл ажиллагаанд 53 буюу 6.3 хувь, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын үйл ажиллагаанд 50 буюу 6.0 хувь, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаанд 40 буюу 4.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
 

II.6 Хөдөө аж ахуй

Малтай болон малчин өрх, малчид: Энэ онд 10.3 мянган өрх, 56 аж ахуй нэгж, байгууллагад нийтдээ 3.8 сая толгой мал тоолууллаа. Нийт малтай өрхийн дотор мал бүхий 2.4 мянган өрх, малчин 7.9 мянган өрх, тавиул малтай 34 өрх байна. Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр мал аж ахуйн салбарт 14.5 мянган малчид ажиллаж байна.
      Нийт малтай өрхийн 43.7 хувийг 200 хүртлэх малтай өрх эзэлж байгаа нь урьд оноос 0.7 пунктээр буурч, 200-аас дээш малтай өрхийн тоо урьд оноос 0.7 пунктээр өссөн байна. 787 өрх мянгаас дээш мал тоолуулж, шинээр 105 мянгат малчин төрлөө.

       Мал аж ахуй: Мал сүрэг урьд оноос 2.7 хувь буюу 100.2 мянгаар өсч, 3.8 сая мал тоологдсоны дотор тэмээ 7.9 мянга, адуу 321.9 мянга, үхэр 268.5 мянга, хонь 2.0 сая, ямаа 1.2 сая толгой болжээ. Аймгийн дүнгээр малын тоо 4 төрөл дээр өссөн байна. Сумдаар авч үзвэл Дарьганга, Эрдэнэцагаан сум 5 төрөл дээр, Баяндэлгэр, Наран, Сүхбаатар, Халзан, Баруун-Урт сум 4 төрөл дээр, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт сум 3 төрөл дээр, Асгат, Уулбаян сумд 2 төрөл дээр, Мөнххаан сум 1 төрөл дээр өсчээ. Аймгийн хэмжээнд Баяндэлгэр сум 508.1 мянган буюу нийт мал, мөн 273.5 мянган хониор, 183.2 мянган ямаагаар, Түвшинширээ сум 1.2 мянган тэмээгээр, Эрдэнэцагаан сум 46.1 мянган адуугаар, Баруун-Урт сум 32.3 мянган үхрээр аймагтаа тэргүүллээ.
      Хээлтэгч мал 1.7 сая тоологдсон нь нийт малын 45.2 хувийг эзэлж байна. Оны эхний эх малын 87.0 хувь буюу 1.2 сая мал төллөж, 1.2 сая төл бойжуулж авлаа.
      Оны эхний малын 1.3 хувь болох 46.6 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 29.4 мянган толгой малаар буюу 38.6 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 33, адуу 6.2 мянга, үхэр 1.4 мянга, хонь 21.9 мянга, ямаа 17.0 мянга толгой байна. Зүй бусаар хорогдсон том малын 0.5 хувь болох 236 толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оноос буурсан байна.

      Газар тариалан: Энэ онд үр тариа 2.9 мян.га-д, төмс 66.9 га-д, хүнсний ногоо 32.7 га-д, тэжээлийн ургамал 0.7 мян.га-д, техникийн ургамал 1.8 мян га-д тариалж, 633.9 тн үр тариа, 516.2 тн төмс, 207.6 тн хүнсний ногоо, 988.5 тн техникийн ургамал, 2.7 мянган тн тэжээлийн ургамал хурааж авсан нь урьд оноос техникийн ургамал 496.5 тн буюу 2 дахин, тэжээлийн ургамал 1.8 мянган тн буюу 3 дахин өсч, үр тариа 2.0 мянган тн буюу 76.0 хувиар, төмс 11.5 тн буюу 2.2 хувь, хүнсний ногоо 37.2 тн буюу 15.2 хувиар тус тус буурсан байна.
     Хадлан 16.5 мянган тн өвс, хужир шүү 19.2 мянган тн, гар тэжээл 252.7 тн тус тус бэлтгэсэн нь өмнөх оноос бэлтгэсэн өвс 1.5 мян.тн буюу 9.9 хувь, хужир шүү 12.0 мянган тн буюу 2.7 дахин өсч, бэлтгэсэн гар тэжээл 89.0 тн буюу 26.1 хувиар буурсан байна.
 

II.7 Аж үйлдвэр     

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 51.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.2 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 6.4 тэрбум төгрөг буюу 12.7 хувиар буурсан байна.
     Оны үнээр 273.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 10.3 тэрбум төгрөгөөр буурсан гүйцэтгэлтэй байна.
       Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хайрга, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, нарийн боов, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, дээлнээс бусад монгол хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.
 

II.8 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд энэ онд 240.9 мян.тн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 19.8 мян.тн буюу 8.9 хувиар өсчээ. Мөн давхардсан тоогоор 86.8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 7.7 мянган хүн буюу 9.7 хувиар өсчээ.

      Тээврийн хэрэгслийн тооллогын дүнгээр 9.1 мянган тээврийн хэрэгсэл үзлэг тооллогод хамрагдсан нь өмнөх оноос өмнөх оны түвшинд байна. Тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: 92.0 хувь буюу 8.4 мянга нь автомашин, 4.8 хувь буюу 0.4 мянга нь мотоцикль, 2.4 хувь буюу 0.2 мянган нь чиргүүл, 0.8 хувь буюу 0.1 мянган нь механизм байна.     

     Шуудан, холбоо: Холбооны үйлчилгээний орлого 701.3 сая төгрөгт хүрсний 128.5 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 17.9 хувиар , хүн амаас орох орлого 32.7 хувиар тус тус өсчээ. Шуудан үйлчилгээний газар нь 35.6 мянган хэвлэл захиалуулж, 10.5 11.8 мянган бичиг захидал, 3.1 мянган илгээмжийг явуулж ажилласан нь өмнөх оны мөн үеэс хэвлэл захиалга 7.3 хувиар буурч, илгээмж үйлчилгээ 12.4 хувь, бичиг захидал 10.3 дахин өсчээ. Бичиг захидал 10.5 мянга, илгээмж 1.4 мянга, хэвлэл 85.4 мянгыг хүлээн авч, албан байгууллага, иргэдэд хүргэж үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс бичиг захидал 54.4 хувь, хэвлэл 11.0 хувиар тус тус буурч, илгээмжийн үйлчилгээ 40 хувь тус тус өссөн байна.
 

II.9 Барилга

Барилгын байгууллагууд энэ онд нийт 26.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.5 тэрбум төгрөг буюу 9.6 хувь нь аймгийн барилгын байгууллага, 23.5 тэрбум төгрөг буюу 90.4 хувь нь гадны барилгын байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 03-р сарын 25-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, кг 9000
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг

8000

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2400
  Шингэн сүү, л

2600

  Ноолуур, кг 70000
  Бензин, А-80 1767
  Бензин, А-92 1858
  Дизелийн түлш 2503
  Боодолтой өвс 10000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020