СҮХБААТАР АЙМГИЙН 9 ДҮГЭЭР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 15. 07 цаг 20 минут

I. Нийгмийн үзүүлэлт

  I.1. Хүн ам
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 9 сард 994 хүүхэд шинээр мэндэлж, 270 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 724 болж урьд оны мөн үеийнхээс 1.8 хувиар буюу 13-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 16.0, нас баралт 4.4 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.2, нас баралт 0.1 пунктээр тус тус буурсан байна.

  I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 9 дүгээр сарын эцэст 941 болсны 432 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 744 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувь буюу 27 хүнээр буурч, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 15.0 хувь буюу 97 хүнээр өссөн байна.

Эхний 9 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1913 иргэн шинээр бүртгүүлсний 578 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 399 буюу 53.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

          Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.1 хувь нь магистр, доктор, 12.2 хувь нь дээд, 1.5 хувь нь тусгай дунд, 7.3 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.9 хувь нь бүрэн дунд, 14.0 хувь нь суурь, 6.9 хувь нь бага боловсролтой, 4.2 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

         Эхний 9 дүгээр сарын байдлаар 455 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 147 буюу 32.3 хувьтай, төрийн удирлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа 129 буюу 28.4 хувьтай, Бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар 59 буюу 13.0 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

  I.3 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 13.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 тэрбум төгрөг буюу 32.7 хувиар өсчээ.

Нийт 8.0 мянган иргэнд 28.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 6.1 мянган өндөр настанд 18.0 тэрбум төгрөг, 1.2 мянган тахир дутуу иргэнд 3.1 тэрбум төгрөг, 0.4 мянган тэжээгчээ алдсан иргэнд 1.0 тэрбум, 0.3 мянган иргэнд цэргийн тэтгэвэр 6.1 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 0.3 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар буурчээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 9 сарын байдлаар давхардсан тоогоор 28.5 мянган иргэнд 5.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ.

Хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг төрлөөр авч үзвэл: Халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 1.8 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 2.0 мянган иргэнд 1.0 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 5.6 мянган иргэнд 0.5 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 4.3 мянган иргэнд 0.3 тэрбум төгрөг, насны хишгийг 2.5 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 5.1 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.5 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус эзэлж байна.

I.4 Боловсрол, шинжлэх ухаан

Ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 12.3 мянган суралцагчид байгаагийн 49.8 хувь болох 6.1 мянга нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх  оны мөн үеэс сурагчдын тоо 6.3 хувь буюу 734 хүүхдээр өсчээ.

Нийт сурагчдын 54.2 хувь болох 6.7 мянга нь 1-5-р ангид, 30.2 хувь болох 3.7 мянга нь 6-9-р ангид, 15.6 хувь болох 1.9 мянга нь 10-12-р ангид суралцаж байна.

 Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.4 мянган сурагч элсэн орсны 47.0 хувь болох 664 эмэгтэй сурагч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.1 хувь буюу 43 сурагчаар өссөн байна. Мөн 12-р ангид 0.6 мянган сурагч байгаагийн 58.0 хувь буюу 346 нь эмэгтэй сурагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 2 дахин буюу 180 сурагчаар өссөн байна.

 Энэ хичээлийн жилд 424 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид  29 сурагч ногдож байна. 1 багшид ногдох сурагчийн тоо 20 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна.

Нийт ажиллагсдын 58.0 хувь  болох 610 нь үндсэн багш байна. Үүний 79.2 хувь болох 483 нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 5.9 хувиар  өссөн байна.

Дотуур байранд 1047 сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 10.0 хувь буюу 95 сурагчаар өсчээ.

  I.5 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 145.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 17.0 хувь, 7.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 4.3 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 57.9  мянган хүн хамрагдсан нь 44.0 хувиар тус тус өссөн байна.

Түргэн тусламжийн дуудлага 9.3 мянган удаа гарсны 2.3 мянга буюу 23.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 4.3 хувиар буурч, нийт түргэн тусламжийн дуудлага 4.5 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 649 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 648 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 24 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 31 буюу 4.6 хувиар тус тус буурчээ.

  I.6 Соёл, урлаг:

Хөгжимт жүжгийн театр: : 4.8 мянган үзэгчдэд 18 тоглолтоор үйлчилж, 5.2 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 33.3 хувь, тоглолтын тоо  10.0 хувь, орлогын хэмжээ 33.3  хувиар тус тус буурчээ.
Музей: 2.1 мянган үзмэрээр 3.1 мянган хүнд үйлчилж 1.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 19.2 хувь, орлого нь 88.7 хувь, үзмэрийн тоо 1.7 хувиар тус тус өсчээ.
   Номын сан Нийт 46.9 мянган номоор 5.4 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 0.9 хувиар өсч, уншигчдын тоо 51.3 хувиар буурчээ.
I.7 Байгаль орчин:

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.8 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.1 мянган иргэнд 912.6 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Өмнөх оны мөн үеэс өргөдөл гаргасан иргэдийн тоо 0.3 мянга буюу 3.3 хувиар өсчээ.

Шинээр 70 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 66 иргэнд 10.62 га газрыг тус тус олгоод байна.

     I.8 Гэмт хэрэг

Энэ оны 3-р улирлын байдлаар нийт 379 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 97 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 119 үйлдэл буюу 45.8 хувиар өсчээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсны 29.7 хувийг нөхөн төлүүлсэн байна.

Гэмт хэрэгт 234 хүн холбогдон сэжиглэгдсэний 35.5 хувь нь согтуугаар, 21.8 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.

Нийт 380 хүн эрүүлжүүлэгдсэн нь урьд оны мөн үеэс 14 хүн буюу 3.8 хувиар өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 124 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 42.9 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.6 пунктээр буурсан байна.

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 142.9 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 27.8 тэрбум төгрөг буюу 24.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.4 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 75.3 тэрбум төгрөг болж оны эхнээс 18.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 10.7 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 9 сарын эцэст 1.8 тэрбум болж өмнөх сараас 36.9 сая төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 0.4 тэрбум төгрөг өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.3 хувийг эзэлж байна.

Даатгал: Орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 446.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар өссөн байна.

Нөхөн төлбөр 361 хүнд 79.7 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 10.5 сая, жолоочийн хариуцлагад 38.1, иргэдийн эд хөрөнгөнд 2.6 сая, гэнэтийн осолд 4.7 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 6.4 сая, хүүхдийн гэнэтийн осолд 17.5 сая төгрөгийг тус тус олгожээ.

  II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 9 сард 39.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.8 хувь буюу 7.8 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 38.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум төгрөг буюу 7.6 хувиар тус тус өссөн байна.

Орон нутгийн төсөвт 8.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өссөн гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 9 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 6.6 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар , орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 3.0 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 2.1 дахин тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 19.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2019 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.2 хувь, өмнөх оны мөн үеэс 7.0  хувь, жилийн эцсээс 4.6 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 4.6 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 9.1 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 4.3 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 2.6 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.9 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.9 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.7 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын барааны бүлгийн үнэ 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 10.7 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

  II.4 Хөдөө аж ахуй

Мал төллөлт, төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын  84.8 хувь буюу 1.4 сая хээлтэгч эхний 9 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 86.8 хувь, эм ямаа 84.9 хувь, гүү 74.6 хувь, үнээ 77.9 хувь, ингэ 40.6 хувь тус тус төллөжээ.

 Гарсан төлийн 95.3 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1 саяаар өссөн байна.

Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: Унага 96.9 хувь, тугал 98.9 хувь, хурга 95.3 хувь, ишиг 94.4 хувь, ботго 98.4 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ботго, тугал 0.2-0.3 пунктээр өсч, бусад төрөлдөө 0.2-1.4 пунктээр буурсан байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 9 сард 43.4 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 29.8 мянган толгойгоор буюу 40.7 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 22, адуу 6.0 мянга, үхэр 1.2 мянга, хонь 20.5 мянга, ямаа 15.6 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 47.3 хувийг хонь эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 1.2 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 0.3 хувь буюу 118 толгой болж, өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өсчээ.

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 9 дүгээр сард 0.6 мянган тн үр тариа, 438.5 тн төмс, 172.2 тн хүнсний ногоо, 388.5 тн техникийн ургамал, 2.6 тн тэжээлийн ургамал бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 15.8 хувь, төмс 0.9 хувь, хүнсний ногоо 19.8 хувиар тус тус буурчээ.

  II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 36.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.0 тэрбум төгрөг буюу 7.7 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.2 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 3.2 тэрбум төгрөг буюу 3 дахин тус тус өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 30.6 тэрбум төгрөг буюу 14.6 хувиар  буурсан байна.

Оны үнээр 215.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайрга, түгээсэн цэвэр ус, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, нарийн боов, талх, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, адууны мах, ажлын хувцас, дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, монгол дээл, тэрлэг, туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, цаасан уут, тор, бетон зуурмаг, замын хавтан хашлага, улаан тоосго, хүрмэн блок зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 Дэлгэрэнгүйг танилцуулгыг ЭНД дарж авна уу.


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 11-р сарын 06-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 7000
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2283
  Шингэн сүү, л 1800
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019