СҮХБААТАР АЙМГИЙН 6 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 16. 01 цаг 03 минут

I. Нийгмийн үзүүлэлт

  I.1. Хүн ам
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 6 сард 648 хүүхэд шинээр мэндэлж, 189 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 459 болж урьд оны мөн үеийнхээс 11.4 хувиар буюу 59-өөр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 10.7, нас баралт 3.1 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.7 пунктээр буурч, нас баралт 0.4 пунктээр өссөн байна.

  I.2 Хөдөлмөр
Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 6 дугаар сарын эцэст 949 болсон, үүний 429 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 724 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувь буюу 94 хүнээр, 2018 оны 12 дугаар сарын эцсээс 12.0 хувь буюу 77 хүнээр өссөн байна.

Эхний 6 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1333 иргэн шинээр бүртгүүлсний 310 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 57.2 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 15.7 хувь нь дээд, 1.5 хувь нь тусгай дунд, 8.6 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 52.2 хувь нь бүрэн дунд, 13.8 хувь нь суурь, 5.9 хувь нь бага боловсролтой, 1.9 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

  I.3 Нийгмийн даатгал, халамж:
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 9.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 тэрбум төгрөг буюу 27.3 хувиар өсчээ.

Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 777.1 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136.2 сая төгрөг буюу 43.7 хувиар өссөн байна.

Нийт 7.9 мянган иргэнд 15.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 6.0 мянган өндөр настанд 11.9 тэрбум төгрөг, 1.1 мянган тахир дутуу иргэнд 2.1 тэрбум төгрөг, 420 тэжээгчээ алдсан иргэнд 0.7 тэрбум, 322 иргэнд цэргийн тэтгэвэр 1.1 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 26 иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.

I.4 Боловсрол, шинжлэх ухаан
Ерөнхий боловсролын сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд 2314 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 1101, суурь боловсролыг 907, бүрэн дунд боловсролыг 306 сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдийн тоо 450 буюу 16.3 хувиар буурсан байна.

Нийт төгсөгчдийн 47.6 хувь нь бага, 39.2 хувь нь суурь, 13.2 хувь нь бүрэн дунд боловсролтой болсны 48.8 хувь буюу 1129 нь эмэгтэй сурагчид байна.

  I.5 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 145.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 17.0 хувь, 7.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 4.3 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 57.9  мянган хүн хамрагдсан нь 44.0 хувиар тус тус өссөн байна.

Түргэн тусламжийн дуудлага 9.3 мянган удаа гарсны 2.3 мянга буюу 23.6 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 4.3 хувиар буурч, нийт түргэн тусламжийн дуудлага 4.5 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 649 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 648 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 24 буюу 3.6 хувиар, хүүхдийн тоо 31 буюу 4.6 хувиар тус тус буурчээ.

  I.6 Соёл, урлаг:

Хөгжимт жүжгийн театр:  4.1 мянган үзэгчдэд 15 тоглолтоор үйлчилж 4.0 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 24.1 хувь, орлогын хэмжээ 42.9  хувиар буурч, тоглолтын тоо  15.4 хувиар өсчээ.
Музей: 2.1 мянган үзмэрээр 3.1 мянган хүнд үйлчилж 1.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 19.2 хувь, орлого нь 88.7 хувь, үзмэрийн тоо 1.7 хувиар тус тус өсчээ.
Номын сан: Нийт 46.8 мянган номоор 2.9 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 0.6 хувиар өсч, уншигчдын тоо 62.3 хувиар буурчээ.
I.7 Байгаль орчин:
Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.8 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.1 мянган иргэнд 908.1 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Шинээр 25 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 25 иргэнд 6.18 га газрыг тус тус олгоод байна.

     I.8 Гэмт хэрэг
Эхний хагас жилд нийт 271 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 15 хүн нас барж, 71 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 98 буюу 56.6 хувиар өсчээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 882 сая төгрөгийн хохирол учирсны 32.8 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 182 хүн холбогдон сэжиглэгдсэний 37.9 хувь нь согтуугаар, 20.9 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.

Нийт 285 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеэс 24 хүн буюу 9.2 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 39 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан нь өмнөх оноос 39 буюу 50 хувиар буурсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 46.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.9 пунктээр буурсан байна.

II.1 Мөнгө, банк, даатгал
Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 138.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 4.9 тэрбум төгрөг буюу 3.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 16.7 тэрбум төгрөг буюу 13.7 хувиар өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 79.6 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.2 тэрбум төгрөг буурч, өмнөх оны мөн үеэс 19.9 тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 6 сарын эцэст 1.7 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 0.4 тэрбум төгрөг тус тус өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.2 хувийг эзэлж байна.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 281.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар буурсан байна.

Нөхөн төлбөр 239 хүнд 44.5 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 5.9 сая, жолоочийн хариуцлагад 18.4, иргэдийн эд хөрөнгөнд 2.6 сая, гэнэтийн осолд 12.4 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 5.2 сая, хүүхдийн гэнэтийн осолд 95.2 мянган төгрөгийг тус тус олгожээ.

  II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсвийн нийт орлого эхний 6 сард 29.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөг буюу 5.8 хувь төсвийн зарлага санхүүжилт 28.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.3 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар тус тус өсчээ.

Орон нутгийн төсөвт 6.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.0 хувиар буурсан гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 2-р улирлын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 5.1 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 1.7 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар тус тус өсч, харин Улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 15.8 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар буурсан байна.

  II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний үнийн индекс 2019 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 7.1  хувь, жилийн эцсээс 4.5 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 4.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 13.7 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 3.6 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 1.7 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 2.5 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.6 хувь, тээврийн бүлгийн үнэ 1.3 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.0 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 3.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

  II.4 Хөдөө аж ахуй
Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын  84.2 хувь буюу 1.4 сая хээлтэгч эхний 6 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 86.8 хувь, эм ямаа 84.9 хувь, гүү 69.3 хувь, үнээ 72.9 хувь, ингэ 37.9 хувь тус тус төллөжээ.

Гарсан төлийн 95.3 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс  4.8 мянгаар өссөн байна.

Төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: Унага 96.8 хувь, тугал 98.9 хувь, хурга 95.3 хувь, ишиг 94.4 хувь, ботго 98.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс  ботго, тугал 0.2-0.3 пунктээр өсөж, унага, хурга, ишиг 1.0-1.5 пунктээр буурсан байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 6 сард 42.8 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 29.7 мянган толгойгоор буюу 41.0 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 22, адуу 5.9 мянга, үхэр 1.1 мянга, хонь 20.3 мянга, ямаа 15.4 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 47.4 хувийг хонь эзэлж байна.

Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 1.1 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 0.3 хувь буюу 118 толгой болж, өмнөх оны мөн үеэс 31.1 хувиар өсчээ.

Газар тариалан. Эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 65.2 га, хүнсний ногоо 31.7 га, үр тариа 4.5 мянган га, тэжээлийн ургамал 700.0 га, техникийн ургамал 2.6 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна.

Үр тариа 4.5 мянган га-д тариалснаас 3.0 мянган га-д улаан буудай, 1.4 мянган га-д овъёос, 0.1 мянган га-д арвай тариалсан байна.

  II.5 Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 24.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2.3 тэрбум төгрөг буюу 8.7 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.1 тэрбум төгрөг буюу 4.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 1.1 тэрбум төгрөг буюу 2.9 дахин өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 3.5 тэрбум төгрөг буюу 14.5 хувиар  буурсан байна.

Оны үнээр 158.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.9 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайрга, цайрын баяжмал, боловсруулсан шингэн сүү, нарийн боов, хэвийн боов, талх, хэрчсэн гурил, банш, бууз, цэвэр ус, ажлын хувцас, цаасан уут, тор, картон хайрцаг, уул, уурхайн зориулалттай уут, шуудай, бетон зуурмаг, таваарын бетон, улаан тоосго, хүрмэн блок, замын хавтан хашлага, түгээсэн цэвэр ус, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  

                       ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 08-р сарын 21-ний байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1317

  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 10000
  Ямааны ястай мах, кг 8000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 1100
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1860
  Бензин, А-92 1930
  Дизелийн түлш 2437
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019