СҮХБААТАР АЙМГИЙН 5 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 12. 07 цаг 56 минут

I. Нийгмийн үзүүлэлт

Description: \\DAVAA-PC\Users\Public\Documents\2014 ONII BULLETEN\logo\3.jpg

I.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 5 сард 529 хүүхэд шинээр мэндэлж, 165 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 364 болж урьд оны мөн үеэс 14.9 хувь буюу 64 хүнээр буурсан. 1000 хүнд ногдох төрөлт 8.5, нас баралт 2.7 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.7 пунктээр буурч, нас баралт 0.6 пунктээр өссөн байна.                                                                          

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2019 оны 5 дугаар сарын эцэст 886 болсны 427 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 684 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 21.6 хувь буюу 189 хүнээр буурсан байна.

 Энэ оны 5 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1037 иргэн шинээр бүртгүүлсний 167 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 55.9 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.1 хувь нь магистр, доктор, 13.6 хувь нь дээд, 1.6 хувь нь тусгай дунд, 7.9 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.6 хувь нь бүрэн дунд, 15.2 хувь нь суурь, 6.0 хувь нь бага боловсролтой, 2.0 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 122.8 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар, 6.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 3.4 хувиар тус тус өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 48.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 53.8 хувиар өссөн.

Түргэн тусламжийн дуудлага 7.8 мянган удаа гарсны 1.8 мянга буюу 23.1 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 3.9 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2019 оны эхний 5 сард амаржсан эх 529, амьд төрсөн хүүхдийн тоо 529 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 24 буюу 4.3 хувь, хүүхдийн тоо 27 буюу 4.9 хувиар тус тус буурсан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 5 сард 422 болж, өмнөх оны мөн үеийнхээс 76 хүн буюу 21.9 хувиар өсөхөд цусан суулга, заг, тэмбүү, салхинцэцэг зэрэг өвчлөгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 5 сарын байдлаар давхардсан тоогоор 26.5 мянган иргэнд 3.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. Үүнд: Халамжийн тэтгэвэрийг 1.2 мянган иргэнд 0.9 тэрбум төгрөг, халамжийн тэтгэмжийг 1.8 мянган иргэнд 0.5 тэрбум төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөрийн зардлыг 7.2 мянган иргэнд 0.4 тэрбум төгрөг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 4.7 мянган иргэнд 1.0 тэрбум төгрөг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгогдож байгаа хөнгөлөлт тусламжийг 3.9 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөг, насны хишгийг 2.4 мянган иргэнд 0.2 тэрбум төгрөг, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон тусламжийг 4.9 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт тусламжийг 0.4 мянган иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус олгосон.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2019 оны 5 дугаар сард 236 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 14 хүн нас барж, 60 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 87 буюу 58.4 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 697.7 сая төгрөгийн хохирол учирсны 23.8 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 134 хүн холбогдон сэжиглэгдсэний 41.0 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 244 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хүн буюу 10.4 хувиар өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 29 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 35.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 19.1 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт                                                                                      

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 136.6 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 7.0 тэрбум төгрөг буюу 4.9 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 20.8 тэрбум төгрөг буюу 17.9 хувиар өсчээ.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 79.6 тэрбум төгрөг болж оны эхнээс 0.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 14.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 5 дугаар сарын эцэст 1.5 тэрбум болж өмнөх сараас 38.4 сая төгрөгөөр өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.1 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсөвт эхний 5 сарын байдлаар 4.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 1.0 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 11.4 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, орон нутгийн төсвийн орлогоор 3.8 тэрбум төгрөг орж нийт эх үүсвэр 21.4 тэрбум төгрөг, нийт зарлага санхүүжилт 20.5 тэрбум төгрөгөөр хийгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс нийт орлого санхүүжилт 4.4 тэрбум буюу 17.1 хувиар , зарлага санхүүжилт 0.9 тэрбум буюу 4.2 хувиар тус тус буурсан байна.

Аймгийн нэгдсэн төсвийн 17.7 хувийг орон нутгийн төсвийн орлого, 4.7 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, 53.2 хувийг тусгай зориулалтын шилжүүлэгийн орлого, 21.4 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2019 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувь, жилийн эцсээс 4.2 хувиар тус тус өслөө.  

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 1.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 4.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.8 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 1.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 0.7 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 82.1 хувь буюу 1.3 сая хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 86.0 хувь, эм ямаа 84.1 хувь, ингэ 34.7 хувь, үнээ 60.7 хувь, гүү 59.5 хувь тус тус төллөжээ.

Гарсан төлийн 96.1 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 71.8 мянга буюу 5.9 хувиар өссөн байна.

Энэ оны 5 дугаар сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: унага 97.0 хувь, ботго 98.5 хувь, тугал 99.1 хувь, хурга 96.1 хувь, ишиг 95.6 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс унага, хурга, ишиг 0.2-1.5 пунктээр буурч, тугал, ботго 0.3-0.5 пунктээр өссөн байна.   

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 5 сарын байдлаар 29.1 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 37.9 мянган толгой буюу 56.6 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 17, адуу 3.4 мянга, үхэр 0.7 мянга, хонь 14.8 мянга, ямаа 10.1 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 48.9 хувийг хонин сүрэг эзэлж байна.

Эхний 5 сарын байдлаар оны эхний малын 0.8 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.3 хувь буюу 97 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна.

Газар тариалан. Эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 41.9 га, хүнсний ногоо 12.8 га, үр тариа 3.0 мянган га, техникийн ургамал 1.4 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна.

Үр тариа 3.0 мянган га-д тариалснаас 1.8 мянган га-д улаан буудай, 1.1 мянган га-д овъёос, 0.1 мянган га-д арвай тариалсан байна.

 II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 3.5 тэрбум төгрөг буюу 15.6 хувиар буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 1.6 тэрбум төгрөг буюу 4.7 хувиар, боловсруулах аж үйлдвэрийнх 0.8 тэрбум төгрөг буюу 2.9 дахин тус тус өсч, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 4.3 тэрбум төгрөг буюу 21.4 хувиар  буурсан байна.

Оны үнээр 134.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 9.1 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, хайрга, цайрын баяжмал, түгээсэн цэвэр ус, цахилгаан, бууз, банш, бялуу, талх, нарийн боов, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, адууны мах, ажлын хувцас, гэрийн бусад модон тавилга, модон сандал, бетон зуурмаг, картон хайрцаг, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

 

СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА                                   Т.ЭРДЭНЭБАТ

 


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 06-р сарын 19-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1300

  Хонины мах, кг 10000
  Үхрийн мах, кг 12000
  Ямааны ястай мах, кг 9000
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2350
  Шингэн сүү, л 2100
  Ноолуур, кг 50000
  Бензин, А-80 1960
  Бензин, А-92 2030
  Дизелийн түлш 2453
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019