СҮХБААТАР АЙМГИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2019 он 01 сар 20. 05 цаг 16 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Өрх, Хүн ам

Оны эцэст өрх, хүн амын тоо урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 мянган өрх, 62.5 мянган оршин суугаа хүн амтай болж урьд оноос өрх 263, хүн ам 1165 хүнээр өслөө. Нийт өрхийн 49.3 хувь, хүн амын 50.7 хувь нь хөдөөд амьдарч байна. Хүн амын 49.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 62.7 хувийг 15-59 насныхан, 30.6 хувийг 0-14 насныхан, 6.7 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 52.3 хувьтай байна. Аймгийн хэмжээнд Баруун-Урт сумын 1-р баг 1108 өрх, 3706 хүнээр 67 баг дотор тэргүүлж байна.
         2018 онд 702 хүн шилжин ирж, 565 хүн шилжин явсан нь урьд оноос шилжиж ирэгсэд 9.9 хувь буюу 77 хүнээр, шилжин явагсад 9.7 хувь буюу 61 хүнээр тус тус буурчээ. Шилжин ирэгсдээс 44.7 хувь, шилжин явагсдын 81.4 хувь нь Улаанбаатар хот болон аймаг хооронд шилжилт хөдөлгөөнд оролцсон байна.
         Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр энэ онд шинээр төрсөн 1564 хүүхэд, нас барсан 276 хүн бүртгүүлсэн байна.                                 
      Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2018 оны жилийн эцсийн байдлаар 1307 хүүхэд шинээр мэндэлж, 356 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 951 болж, 2017 оноос 0.8 хувь буюу 8-аар буурсан. 1000 хүнд ногдох төрөлт 21.5, нас баралт 5.9 байгаа нь өмнөх онтой харьцуулахад төрөлт адил түвшинд, нас баралт 0.6 пунктээр өссөн байна.

I.2 Хөдөлмөр

 Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2018 оны 12 дугаар сарын эцэст 854 болсны 438 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 647 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 27.0 хувь буюу 239 хүнээр буурсан байна.
      Жилийн эцсийн байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 3230 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 938 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
       Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58.1 хувь нь 15-34 насны залуучууд байна.
      Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.6 хувь нь магистр, доктор, 17.8 хувь нь дээд, 2.9 хувь нь тусгай дунд, 8.8 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 48.2 хувь нь бүрэн дунд, 13.8 хувь нь суурь, 6.3 хувь нь бага боловсролтой, 1.5 хувь нь боловсролгүй хүмүүс байна.
      2018 оны байдлаар 842 шинэ ажлын байр бий болсон нь өмнөх оны мөн үеэс 38.0 хувь буюу 232-оор өсчээ. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл боловсруулах үйлдвэр 172 буюу 20.4 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 158 буюу 18.8 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.
 

I.3 Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлого жилийн эцсийн байдлаар 14.7 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өсчээ. Үүнээс ажил олгогчоос 13.3 тэрбум төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 15.6 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 920.6 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 39.2 хувиар өсчээ.
      Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын сангаас нийт 8.4 мянган иргэнд 27.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосноос, 6.2 мянган өндөр настанд 20.4 тэрбум төгрөг, 1.4 мянган тахир дутуу иргэнд 3.6 тэрбум төгрөг, 433 тэжээгчээ алдсан иргэнд 1.1 тэрбум төгрөг, 320 иргэнд цэргийн тэтгэвэрт 1.9 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчтөний даатгалд тус тус бүрэн олгожээ. Нийт тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 10.1 хувиар тус тус өссөн байна.
      Нийгмийн халамжийн сангаас нийт 8.3 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 32.3 мянган иргэнд олгосноос, халамжийн сангаас 5.3 тэрбум төгрөгийг 20.3 мянган иргэнд, улсын төсвөөс 3.0 тэрбум төгрөгийг 12.0 мянган иргэнд тус тус олгожээ.


I.4 Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль: 2018-2019 оны хичээлийн жилд 16 сургуульд 11.6 мянган суралцагчид байгаагийн 49.9 хувь болох 5.8 мянга нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх  оны мөн үеэс сурагчдын тоо 2.5 хувь буюу 279 хүүхдээр өсчээ. Нийт сурагчдын 55.2 хувь болох 6.4 мянга нь 1-5-р ангид, 30.8 хувь болох 3.6 мянга нь 6-9-р ангид, 14.0 хувь болох 1.6 мянга нь 10-12-р ангид суралцаж байна.
      Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.4 мянган сурагч элсэн орсны 50.0 хувь болох 685 нь эмэгтэй сурагч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 8.2 хувь буюу 37 сурагчаар буурсан байна. Мөн 12-р ангид 0.3 мянган сурагч байгаагийн 54.3 хувь буюу 166 нь эмэгтэй сурагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 2.5 дахин буюу 255 сурагчаар буурчээ.
      Энэ хичээлийн жилд 402 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид  29 сурагч ногдож байна. 1 багшид ногдох сурагчийн тоо 20 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна. Нийт ажиллагсдын 57.3 хувь  болох 576 нь үндсэн багш байна. Үүний 78.6 хувь болох 453 нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 0.8 хувиар  буурсан байна. Дотуур байранд 952 сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.
       Ерөнхий боловсролын сургуулийг 2017-2018 оны хичээлийн жилд 2764 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 1033, суурь боловсролыг 1016, бүрэн дунд боловсролыг 715 сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдийн тоо 259 буюу 10.3 хувиар өссөн байна. Нийт төгсөгчдийн 37.4 хувь нь бага, 36.7 хувь нь суурь, 25.9 хувь нь бүрэн дунд боловсролтой болсны 55.1 хувь буюу 1280 нь эмэгтэй сурагчид байна.

       Cургуулийн өмнөх боловсрол: 2018-2019 оны хичээлийн жилд 24 цэцэрлэгийн 167 бүлэгт 5.4 мянган хүүхэд хүмүүжиж байгаагийн 49.4 хувь буюу 2.7 мянга нь эмэгтэй хүүхэд байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар буюу 79 хүүхдээр өсчээ. Нийт хүмүүжиж байгаа хүүхдийн 4.3 мянга болох 79.3 хувь нь үндсэн цэцэрлэгт, 1.1 мянга болох 20.7 хувь нь хувилбарт сургалтанд хамрагджээ. Нийт ажиллагсдын 27.8 хувь болох 162 нь үндсэн багш байна.

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Сүхбаатар аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2018-2019 оны хичээлийн жилд 16 мэргэжлээр 330 суралцагчид суралцаж байгаагийн 38.5 хувь болох 127 нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх оны мөн үеэс нийт суралцагчдын тоо 10.4 хувь болох 31 суралцагчаар өссөн байна. Нийт суралцагчдын 62.7 хувь болох 207 нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 20.1 хувь буюу 52 суралцагчаар буурсан байна. Мэргэжил олгох 1 жилийн сургалтанд 123 хүн сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 3.1 дахин буюу 83 хүнээр өссөн байна. Нийт суралцагчдын 15.5 хувь нь тогооч, 14.5 хувь нь барилгын засал чимэглэгч, 7.9 хувь нь автомашины засварчин, 8.2 хувь нь гоо засалч, 7.9 хувь нь барилгын өрөгч угсрагч мэргэжлээр сурч байгаа нь олонх байна. Нийт ажиллагсдын 39.2 хувь нь болох 20  үндсэн багш байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 2-оор буурсан байна.
      Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2017-2018 оны хичээлийн жилд:  7 мэргэжлээр 166 хүүхэд төгссөны 68 буюу 41.0 хувь нь эмэгтэй хүүхэд байна.  Нийт төгсөгчдийн 120 буюу 72.3 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Харин 27.7 хувь нь болох 46 хүн мэргэжлийн сургалтанд сурч төгссөний  17 буюу  37.0 хувь эмэгтэй хүн байна. Эдгээр төгсөгчдийн 17 буюу 37.0 хувь нь оёмол бүтээгдэхүүний оёдолчин, 29 буюу 63.0 хувь нь барилгын засал чигмэглэлчиний мэргэжил эзэмшжээ. Нийт төгсөгчид нь өмнөх оны мөн үеэс 1 буюу 0.6 хувиар буурчээ. Нийт төгсөгчдөөс 53 хүүхэд ажлын байртай болсон бөгөөд үүнийг ангилбал: мэргэжлээрээ ажилд орсон 24, 3 сарын дотор ажилд орсон 17, 3 сарын дараа ажилд орсон 12 хүүхэд байна.


I.5 Эрүүл мэнд

2018 оны жилийн эцсийн байдлаар 233.4 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оноос 4.1 хувиар буурч, 13.6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 3.8 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 74.1 мянган хүн хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 14.5 хувиар буурчээ. Түргэн тусламжийн дуудлага 17.5 мянган удаа гарсны 4.2 мянга буюу 24.0 хувь нь алсын дуудлага байна. Өнгөрсөн онтой харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 1.2 хувиар өсч, алсын дуудлага өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар буурсан байна.
      Аймгийн хэмжээнд 1300 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1307 хүүхэд болж, өмнөх оноос амаржсан эхийн тоо 25 буюу 2.0 хувиар, хүүхдийн тоо 32 буюу 2.5 хувиар тус тус өссөн байна.
      Энэ оны эцэст нялхсын эндэгдэл 14 болж, өмнөх оны мөн үеэс 8 хүүхэд буюу 36.4 хувиар буурч, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 7 болж өмнөх оны мөн үеэс 3 хүүхэд буюу 75.0 хувиар өссөн байна.     
     Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо жилийн эцэст 678 болж, өнгөрсөн оноос 598 хүн буюу 46.7 хувиар буурсан байна.  Гар хөл амны өвчнөөр өвчлөгчид 244 буюу 87.1 хувь, салхинцэцгээр өвчлөгчид 195 буюу 56.5 хувь, тэмбүү өвчнөөр өвчлөгчид 97 буюу 33.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.   

 
I.6 Соёл, урлаг

Хөгжимт жүжгийн театр: 2018 онд өөрийн байранд болон явуулын тоглолтыг 8.6 мянган үзэгчдэд 28 уран бүтээлээр үйлчлэн 15.7 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс тоглолтын тоо  75 хувиар, үзэгчдийн тоо 8.9 хувиар тус тус өсчээ.  Үндсэн тоглолтын 3.6 хувь нь жүжиг, 32.1 хувь нь концерт, 64.3 хувийг бусад тоглолт эзэлж байна. Нийт тоглолтын 21.4 хувь нь гадны тоглолт эзэлж байна.

     Музей: Аймгийн Угсаатны зүйн музей 2.1 мянган үзмэрээр 4.1 мянган хүнд үйлчилж 3.7 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 2.1 мянгаар, үзмэрийн тоо 47-оор, орлого нь 2.3 дахин тус тус өссөн байна.

     Номын сан: Аймгийн нийтийн номын сан нь 46.8 мянган номоор давхардсан тоогоор 14.4 мянган уншигчдад үйлчилжээ. Өмнөх оны мөн үеэс номын тоо  0.3 мянгаар, харин уншигчдын тоо  9.1 хувиар тус тус өсчээ.


I.7 ГАЗАР ӨМЧЛӨЛ

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.5 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.0 мянган иргэнд 901.95 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Энэ онд аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирсэнийг 100 хувь шийдвэрлэжээ.


I.8 Гэмт хэрэг

2018 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 366 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 154 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 28-аар өсчээ.
      Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 0.8 тэрбум төгрөгийн хохирол учирсны 59.0 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 275 хүн холбогдон сэжиглэгдсэний 34.2 хувь нь согтуугаар, 8.4 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлдсэн байна.
      Нийт 550 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оноос 12.2 хувь буюу 60 хүнээр өсчээ. Эрүүлжигдсэн нийт хүмүүсээс 131 хүн баривчлагдан захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
     Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 62.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр буурсан байна.

 

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 143.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 56.7 тэрбум төгрөгөөр буюу 24.8 хувиар өссөн байна.
       Банкуудад хадгалуулсан төгрөгийн хадгаламжийн хэмжээ 79.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 23.1 тэрбум төгрөгөөр буюу 40.8 хувиар өссөн байна.
      Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 0.7 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум төгрөгөөр буурчээ.

      Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 627.9 сая төгрөг болж, өмнөх оноос 6.6 хувиар өссөн байна.
       Энэ онд 591 хүнд 123.2 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 17.9 сая, гэнэтийн осолд 11.1 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 12.0 сая, жолоочийн хариуцлагад 56.0 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 22.0 сая, малын индексжүүлсэн даатгалд 3.7 сая төгрөгийг тус тус олгожээ. Энэ нь өмнөх оноос нөхөн төлбөр авсан хүний тоо 3.1 хувиар буурч, нөхөн төлбөрийн хэмжээ 34.9 хувиар өсчээ.
       Авто тээврийн төвийн мэдээгээр 2018 оны жилийн эцэст 23.9 мянган иргэн 9.6 сая төгрөгний амь даатгалд хамрагджээ.
      Малын индексжүүлсэн даатгалд 13 сумын 290 өрхийн 107.5 мянган малыг 69.5 сая төгрөгөөр даатгуулсан. Төрлөөр авч үзвэл:  50.8 мянган хонь, 42.9 мянган ямаа, 12.9 мянган үхэр, 5.0 мянган адуу, 0.1 мянган тэмээ даатгалд хамрагджээ. байна.
       Авто тээврийн үндэсний төвийн мэдээгээр 2018 онд Улаанбаатар хот руу зорчсон нийт 23.9 мянган иргэн 9.6 сая төгрөгийн амь даатгалийн хураамж төлсөн байна.


II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого 2018 оны жилийн эцсийн байдлаар 55.3 тэрбум төгрөг болж өмнөх оноос 5.4 тэрбум төгрөг буюу 10.8 хувиар өсчээ.
     Нэгдсэн төсвийн 20.6 хувийг орон нутгийн төсвийн орлого, 12.6 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 52.6 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 4.8 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох дэмжлэг, 9.4 хувийг урьд оны үлдэгдэл эзэлж байна.
      Төсвийн зарлага санхүүжилт 54.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 4.7 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар өсчээ.
       Жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хөрөнгө оруулалт 5.5 тэрбум төгрөг байна.

     II.3 Төсөл хөтөлбөр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөлд нийт ААНБ болон иргэдээс нийт 81 төсөл ирснээс 65 төсөлд 484.9 сая төгрөг олгосон байна.
      Аймгийн хэмжээнд 48 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулан, 225.0 сая төгрөгөөр малжуулаад байна.
      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 15 иргэнд 40.0 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 9 иргэнд 27.0 сая төгрөг, нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 360 иргэнд 67.2 сая төгрөг, ахмад настны зөвлөх үйлчилгээнд 9 иргэнд 12.0 сая төгрөг, хүнсний ногоо тариалах хөтөлбөрийн хүрээнд 52 иргэнд 13.7 сая төгрөг, мөн 72 иргэнд  600.0 сая төгрөгийн жижиг зээлийг тус тус олгосон.


II.4 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2018 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар тус тус  өслөө.
    Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.1 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 0.8 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 0.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.1 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
 

II.5 Статистикийн бизнес регистрийн сан

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны эцэст 1053 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 806 буюу  76.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх оны мөн үеэс үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 45 буюу 5.9 хувиар өсчээ.
      Бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцлагын хэлбэрээр нь нь авч үзвэл ХХК нь 50.7 хувь, төсөвт байгууллага 16.1 хувь, төрийн бус байгууллага 16.6 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр  байна.

       Ажиллагчдын тоогоор нь авч үзвэл 80.9 хувь нь  1-9, 6.2 хувь нь 10-19, 8.9 хувь нь 20-49, 3.1 хувь нь 50-иас дээш тус тус ажиллагчидтай байна. Үйл ажиллагаа явуулаагүй 247 аж ахуйн нэгж, байгууллагыг шалтгаанаар авч үзвэл үйл ажиллагаагаа эхлээгүй 90 буюу 36.4 хувь нь, түр зогсоосон 108 буюу 43.7 хувь нь, бүрэн зогсоосон 49 буюу 19.8 хувийг тус тус эзэлж байна.

      Эдийн засгийн салбарын ангилалаар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа гэр ахуйн барааны үйлчилгээнд 263 буюу 32.6 хувь, Үйлчилгээний бусад үйл ажиллагаанд 125 буюу 15.5 хувь, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаанд 64 буюу 7.9 хувь, Хөдөө аж ахуйн, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 54 буюу 6.7 хувь, боловсролын салбарын үйл ажиллагаанд 52 буюу 6.5 хувь, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын үйл ажиллагаанд 49 буюу 6.1 хувь, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаанд 38 буюу 4.7 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.


II.6 Хөдөө аж ахуй

Малтай болон малчин өрх, малчид: Энэ онд 10.2 мянган өрх, 54 аж ахуй нэгж, байгууллагад нийтдээ 3.7 сая толгой мал тоолууллаа. Нийт малтай өрхийн дотор мал бүхий 2.4 мянган өрх, малчин 7.8 мянган өрх, тавиул малтай 28 өрх байна. Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр мал аж ахуйн салбарт 14.6 мянган малчид ажиллаж байна.
     Нийт малтай өрхийн 44.4 хувийг 200 хүртлэх малтай өрх эзэлж байгаа нь урьд оноос 1.4 пунктээр буурч, 200-аас дээш малтай өрхийн тоо урьд оноос 1.4 пунктээр өссөн байна. 773 өрх мянгаас дээш мал тоолуулж, шинээр 124 мянгат малчин төрлөө.

       Мал аж ахуй: Мал сүрэг урьд оноос 5.3 хувь буюу 188.4 мянгаар өсч, 3.7 сая мал тоологдсоны дотор тэмээ 8.2 мянга, адуу 327.3 мянга, үхэр 251.6 мянга, хонь 1.9 сая, ямаа 1.2 сая толгой болжээ. Аймгийн дүнгээр малын тоо 4 төрөл дээр өссөн байна. Сумдаар авч үзвэл Асгат, Баяндэлгэр, Онгон, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум 5 төрөл дээр, Дарьганга, Наран сум 4 төрөл дээр, Түвшинширээ сум 3 төрөл дээр, бусад сумд 1 төрөл дээр өсчээ.
      Аймгийн хэмжээнд Баяндэлгэр сум 466.0 мянган буюу нийт мал, мөн 251.1 мянган хониор, 167.0 мянган ямаагаар, Түвшинширээ сум 1.3 мянган тэмээгээр, Эрдэнэцагаан сум 46.7 мянган адуугаар, Баруун-Урт сум 29.5 мянган үхрээр аймагтаа тэргүүллээ.
      Хээлтэгч мал 1.6 сая тоологдсон нь нийт малын 43.9 хувийг эзэлж байна. Оны эхний эх малын 87.0 хувь буюу 1.2 сая мал төллөж, 1.2 сая төл бойжуулж авлаа.
      Оны эхний малын 2.2 хувь болох 76.0 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 63.0 мянган толгой малаар буюу 5.9 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 38, адуу 4.1 мянга, үхэр 7.2 мянга, хонь 30.4 мянга, ямаа 34.2 мянга толгой байна. Зүй бусаар хорогдсон том малын 0.2 хувь болох 141 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оноос буурсан байна.

     Газар тариалан: Энэ онд үр тариа 5.1 мян.га-д, төмс 57.2 га-д, хүнсний ногоо 29.5 га-д, тэжээлийн ургамал 150.0 га-д, техникийн ургамал 1.6 мян га-д тариалж, 2.6 мянган тн үр тариа, 527.7 тн төмс, 244.8 тн хүнсний ногоо, 492.0 тн техникийн ургамал хурааж авсан нь урьд оноос үр тариа 744.5 тн буюу 39.3 хувиар өсч, төмс 44.7 тн буюу 7.8 хувь, хүнсний ногоо 11.1 тн буюу 4.4 хувь, техникийн ургамал 98.0 тн буюу 16.6 хувиар тус тус өссөн байна. Харин тэжээлийн ургамлын хувьд энэ онд 892.5 тн ургац авсан байна.
      Хадлан 15.0 мянган тн өвс, хужир шүү 7.2 мянган тн, гар тэжээл 341.7 тн тус тус бэлтгэсэн нь өмнөх оноос бэлтгэсэн өвс 12.9 мян.тн буюу 46.3 хувь, хужир шүү 0.7 мянган тн буюу 9.1 хувиар буурч, бэлтгэсэн гар тэжээл 104.6 тн буюу 44.1 хувиар өссөн байна.


II.7 Аж үйлдвэр     

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 55.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.2 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 3.2 тэрбум төгрөг буюу 0.4 хувь, боловсруулах аж үйлдвэрийнх 1.4 тэрбум төгрөг буюу 29.6 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 50.3 тэрбум төгрөг буюу 8.3 хувиар  тус тус өссөн байна.
     Оны үнээр 283.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 37.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.
     Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш хайлуур жоншны баяжмал, хайрга, цайрын баяжмал, цахилгаан, ааруул, архи, бууз, банш, боловсруулсан сүү, бялуу, зайрмаг, талх, тараг, цэвэр ус, хэвийн боов, хэрчсэн гурил, ажлын хувцас,  туурга, уул уухайн зориулалтын уут, шуудай, гал тогооны өрөөний модон тавилга, цаасан уут, тор зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.


II.8 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд энэ онд 221.1 мян.тн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 40.0 мян.тн буюу 29.2 хувиар өсчээ.
     Мөн давхардсан тоогоор 79.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 37.0 мянган хүн буюу 87.9 хувиар өсчээ.
    Тээврийн хэрэгслийн тооллогын дүнгээр 9.1 мянган тээврийн хэрэгсэл үзлэг тооллогод хамрагдсан нь өмнөх оноос 2.0 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: 86.4 хувь буюу 7.9 мянга нь автомашин, 9.8 хувь буюу 0.9 мянга нь мотоцикль, 2.8 хувь буюу 0.3 мянган нь чиргүүл, 1.0 хувь буюу 0.1 мянган нь механизм байна.     

      Шуудан, холбоо: Холбооны үйлчилгээний орлого 594.8 сая төгрөгт хүрсний 96.8 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 1.8 хувиар өсч, хүн амаас орох орлого 20.8 хувиар буурчээ.
      Шуудан үйлчилгээний газар нь 38.4 мянган хэвлэл захиалуулж, 10.5 мянган бичиг захидал, 0.3 мянган илгээмжийг явуулж ажилласан нь өмнөх оны мөн үеэс хэвлэл захиалга 49.2 хувиар, илгээмж үйлчилгээ 25.0 хувь, бичиг захидал 2.8 хувиар тус тус буурчээ.
      Бичиг захидал 6.8 мянга, илгээмж 1.0 мянга, хэвлэл 76.9 мянгыг хүлээн авч, албан байгууллага, иргэдэд хүргэж үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс бичиг захидал 2.9 хувь, хэвлэл 28.3 хувиар тус тус буурч, илгээмжийн үйлчилгээ өмнөх оны түвшинд байна.
       Телефон цэгийн тоо 483 болж, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар буурсан байна.


II.9 Барилга

Барилгын байгууллагууд энэ онд нийт 21.0 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.3 тэрбум төгрөг буюу 11.2 хувь нь аймгийн барилгын байгууллага, 18.7 тэрбум төгрөг буюу 88.8 хувь нь гадны барилгын байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
    7 хоногийн үнийн мэдээ
 /2019 оны 04-р сарын 17-ны байдлаар/
              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1233

  Хонины мах, кг 8500
  Үхрийн мах, кг 9000
  Ямааны ястай мах, кг 7500
  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2317
  Шингэн сүү, л 2300
  Ноолуур, кг 110000
  Бензин, А-80 1828
  Бензин, А-92 1882
  Дизелийн түлш 2417
  Боодолтой өвс 5000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019