АЙМГИЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2018 он 01 сар 22. 08 цаг 56 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Өрх, Хүн ам

Оны эцэст 18.0 мянган өрх, 61.3 мянган суурин хүн амтай болж урьд оноос өрх 444, хүн ам 1291 хүнээр өслөө. Нийт өрхийн 45.4 хувь, хүн амын 44.9 хувь нь хөдөөд амьдарч байна.

          Хүн амын 49.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүн амын 33.5 хувийг 15-59 насныхан, 30.0 хувийг 0-14 насныхан, 6.5 хувийг 60 ба дээш насныхан эзлэх болсноор хүн ам зүйн ачаалал 57.4 хувьтай байна.

        Аймгийн хэмжээнд Баруун-Урт сумын 1-р баг 1088 өрх, 3586 хүнээр 67 баг дотор тэргүүлж байна.

         2017 онд 779 хүн шилжин ирж, 626 хүн шилжин явсан нь урьд оноос шилжиж ирэгсэд 15.9 хувь буюу 107 хүнээр өсч, шилжин явагсад 9.0 хувь буюу 335 хүнээр буурчээ. Шилжин ирэгсдээс 44.2 хувь, шилжин явагсдын 31.8 хувь нь Улаанбаатар хот болон аймаг хооронд шилжилт хөдөлгөөнд оролцсон байна.Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээгээр энэ онд шинээр төрсөн 1466 хүүхэд, нас барсан 321 хүн бүртгүүлсэн байна.                                  

Эрүүл мэндийн газрын мэдээгээр 2017 оны жилийн эцсийн байдлаар 1275 хүүхэд шинээр мэндэлж, 316 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 959 болж, 2016 оноос 2.8 хувь буюу 26-аар өссөн. 

1000 хүнд ногдох төрөлт 21.5, нас баралт 5.3 байгаа нь өмнөх онтой харьцуулахад төрөлт 0.2 пунктээр, нас баралт 0.4 пунктээр тус тус өссөн байна.

 I.2 Хөдөлмөр

 Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2017 оны 12 дугаар сарын эцэст 1151 болсны 570 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 886 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.4 хувь буюу 125 хүнээр өссөн байна.

Жилийн эцсийн байдлаар хөдөлмөр халамж үйлчилгээний газарт 4157 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 1124 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58.7 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.3 хувь нь магистр, доктор, 22.9 хувь нь дээд, 2.6 хувь нь тусгай дунд, 9.7 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 42.6 хувь нь бүрэн дунд, 13.4 хувь нь суурь, 6.8 хувь нь бага боловсролтой, 1.6 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

2017 оны байдлаар 610 шинэ ажлын байр бий болсны хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, загас агнуурын салбар 143 буюу 23.4 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж

Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт орлого жилийн эцсийн байдлаар 13.9 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 16.8 хувиар өсчээ. Үүнээс ажил олгогчоос 11.5 тэрбум төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 6.5 хувиар өссөн байна. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 661.3 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх онтой харьцуулахад 14.9 хувиар өсчээ.

 Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын сангаас нийт 7.6 мянган иргэнд 24.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосноос, 5.6 мянган өндөр настанд 18.4 тэрбум төгрөг, 1.2 мянган тахир дутуу иргэнд 3.4 тэрбум төгрөг, 418 тэжээгчээ алдсан иргэнд 1.1 тэрбум төгрөг, 299 иргэнд цэргийн тэтгэвэрт 1.7 тэрбум төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Нийт тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 8.0 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн сангаас нийт 6.2 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 25.5 мянган иргэнд олгосноос, халамжийн сангаас 4.4 тэрбум төгрөгийг 15.4 мянган иргэнд, улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөгийг 10.1 мянган иргэнд тус тус олгожээ.

I.4 Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль: 2017-2018 оны хичээлийн жилд 16 сургуульд 11.3 мянган суралцагчид байгаагийн 50.2 хувь болох 5.7 мянга нь эмэгтэй сурагчид байна. Өмнөх  оны мөн үеэс сурагчдын тоо 4.8 хувь буюу 520 хүүхдээр өсчээ. Нийт сурагчдын 48.9 хувь болох 6.0 мянга нь    1-5-р ангид, 31.9 хувь болох 3.6 мянга нь 6-9-р ангид, 14.6 хувь болох 1.6 мянга нь 10-12-р ангид суралцаж байна.

 Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.5 мянган сурагч элсэн орсны 48.6 хувь болох 722 нь эмэгтэй сурагч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.2 хувь буюу 232 сурагчаар өссөн байна. Мөн 12-р ангид 0.7 мянган сурагч байгаагийн 59.0 хувь буюу 421 нь эмэгтэй сурагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.0 хувь буюу 23 сурагчаар өсчээ.

 Энэ хичээлийн жилд 395 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид  29 сурагч ногдож байна. 1 багшид ногдох сурагчийн тоо 20 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна. Нийт ажиллагсдын 50.0 хувь  болох 567 нь үндсэн багш байна. Үүний 79.3 хувь болох 450 нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 3.3 хувиар  өссөн байна.

Дотуур байранд 959 сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурчээ.

Ерөнхий боловсролын сургуулийг 2016-2017 оны хичээлийн жилд 2505 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 960, суурь боловсролыг 854, бүрэн дунд боловсролыг 691 сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдын тоо 432 буюу 20.8 хувиар өссөн байна.

Нийт төгсөгчдийн 38.3 хувь нь бага, 34.1 хувь нь суурь, 27.6 хувь нь бүрэн дунд боловсролтой болсны 55.1 хувь буюу 1280 нь эмэгтэй сурагчид байна.

Cургуулийн өмнөх боловсрол: 2017-2018 оны хичээлийн жилд 24 цэцэрлэгийн 175 бүлэгт 5.3 мянган хүүхэд хүмүүжиж байгаагийн 49.6 хувь буюу 2.6 мянга нь эмэгтэй хүүхэд байна. Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар буюу 579 хүүхдээр өсчээ. Нийт хүмүүжиж байгаа хүүхдийн 4.2 мянга болох 79.4 хувь нь үндсэн цэцэрлэгт, 1.1 мянга болох 20.6 хувь нь хувилбарт сургалтанд хамрагджээ Нийт ажиллагсдын 28.8 хувь болох 172 нь үндсэн багш байна.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Сүхбаатар аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2017-2018 оны хичээлийн жилд 13 мэргэжлээр 299 суралцагчид суралцаж байгаагийн 43.8 хувь болох 131 нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх оны мөн үеэс нийт суралцагчдын тоо 23.1 хувь болох 90 суралцагчаар буурсан байна.

Нийт суралцагчдын 86.6 хувь болох 259 нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 25.8 хувь буюу 90 суралцагчаар буурсан байна. Мэргэжил олгох 1 жилийн сургалтанд 40 хүн сурч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 2.6 хувь буюу 1 хүнээр буурсан байна. Нийт суралцагчдын 24.1 хувь нь барилгын засал чимэглэгч, 14.0 хувь нь барилгын цахилгаанчин, 10.0 хувь нь гоо засалч, 8.0 хувь нь авто машины засварчин, 7.7 хувь нь бетон арматурчин мэргэжлээр сурч байгаа нь олонх байна. Нийт ажиллагсдын 40.7 хувь нь болох 22  үндсэн багш байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2016-2017 оны хичээлийн жилд:  7 мэргэжлээр 167 хүүхэд төгссөны 70 буюу 41.9 хувь нь эмэгтэй хүүхэд байна.  Нийт төгсөгчдийн 130 буюу 77.8 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Харин 22.2 хувь нь болох 37 хүн мэргэжлийн сургалтанд сурч төгссөны  21 буюу  57.6 хувь эмэгтэй хүн байна. Эдгээр төгсөгчдийн 18 буюу 48.6 хувь нь оёмол бүтээгдэхүүний оёдолчин, 19 буюу 51.4 хувь нь барилгын засал чигмэглэлчиний мэргэжил эзэмшжээ. Нийт төгсөгчид нь өмнөх оны мөн үеэс 6 буюу 3.5 хувиар буурчээ. Нийт төгсөгчдөөс 110 хүүхэд ажлын байртай болсон бөгөөд үүнийг ангилбал: мэргэжлээрээ ажилд орсон 37, 3 сарын дотор ажилд орсон 10, 3 сарын дараа ажилд орсон 63 хүүхэд байна.

I.5 Эрүүл мэнд

2017 оны жилийн эцсийн байдлаар 243.3 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оноос 1.9 хувиар, 13.1 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь 1.5 хувиар тус тус буурсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 86.7 мянган хүн хамрагдсан нь өнгөрсөн оноос 1.4 хувиар өсчээ.

Түргэн тусламжийн дуудлага 17.3 мянган удаа гарсны 4.6 мянга буюу 26.6 хувь нь алсын дуудлага байна. Өнгөрсөн онтой харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 2.4 хувиар өсч, алсын дуудлага өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.

Аймгийн хэмжээнд 1275 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1275 хүүхэд болж, өмнөх оноос амаржсан эхийн тоо 24 буюу 1.9 хувиар, хүүхдийн тоо 13 буюу 1.0 хувиар тус тус өссөн байна.

Энэ оны эцэст нялхсын эндэгдэл 22 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 хүүхэд буюу 21.4 хувиар буурч, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 4 болж өмнөх оны мөн үеэс 3 хүүхэд буюу 42.9 хувиар тус тус буурсан байна.      

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо жилийн эцэст 1276 болж, өнгөрсөн оноос 18 хүн буюу 1.4 хувиар буурсан байна.     

  I.6 Соёл, урлаг

 Хөгжимт жүжгийн театр: 2017 онд өөрийн байранд болон явуулын тоглолтыг 7.9 мянган үзэгчдэд 16 уран бүтээлээр үйлчлэн 19.8 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. өмнөх оны мөн үеэс тоглолтын тоо  11.1 хувиар, үзэгчдийн тоо 50.9 хувиар тус тус буурчээ.  Үндсэн тоглолтын 57.1 хувь нь жүжиг, 42.9 хувь нь концерт байна. Нийт тоглолтын 56.3 хувь нь гадны тоглолт эзэлж байна.

         Музей: Аймгийн Угсаатны зүйн музей 2.1 мянган үзмэрээр 2.0 мянган хүнд үйлчилж 1.6 сая төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 0.1 мянгаар, орлого нь 7.2 хувиар  тус тус өсч, харин үзмэрийн тоо өмнөх оны түвшинд байна.

Номын сан: Аймгийн нийтийн номын сан нь 46.6 мянган номоор давхардсан тоогоор 13.2 мянган уншигчдад үйлчилжээ. Өмнөх оны мөн үеэс номын тоо  0.4 мянгаар өсч, харин уншигчдын тоо  48.3 хувиар буурчээ.

I.7 ГАЗАР ӨМЧЛӨЛ

Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 10.4 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 9.8 мянган иргэнд 885.12 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна.

Энэ онд аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирсэнийг 100 хувь шийдвэрлэжээ.

 I.8 Гэмт хэрэг

2017 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд нийт 338 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 29 хүн нас барж, 159 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оноос 19-өөр өсчээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсны 70.5 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 306 хүн холбогдон сэжиглэгдсэний 30.1 хувь нь согтуугаар, 9.2 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлдсэн байна.

Нийт 490 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оноос 5.7 хувь буюу 30 хүнээр буурчээ. Эрүүлжигдсэн нийт хүмүүсээс 81 хүн баривчлагдан захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 66.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 17.5 пунктээр буурсан байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 115.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15.7 тэрбум төгрөгөөр буюу 15.8 хувиар өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 56.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 9.5 тэрбум төгрөгөөр буюу 20.1 хувиар өссөн байна.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 2.8 тэрбум болж өмнөх сараас 0.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 588.9 сая төгрөг болж, өмнөх оноос 8.6 хувиар өссөн байна.

Энэ онд 610 хүнд 91.3 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 7.3 сая, гэнэтийн осолд 9.9 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 10.5 сая, жолоочийн хариуцлагад 50.4 сая, хүүхдийн гэнэтийн ослын даатгалд 8.1 сая, малын индексжүүлсэн даатгалд 3.0 сая төгрөгийг тус тус олгожээ. Энэ нь өмнөх оноос нөхөн төлбөр авсан хүний тоо 18.9 хувиар , нөхөн төлбөрийн хэмжээ 16.9 хувиар өсчээ.

Авто тээврийн төвийн мэдээгээр 2017 оны жилийн эцэст 25.8 мянган иргэн 16.5 сая төгрөгний амь даатгалд хамрагджээ.

II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого 2017 оны жилийн эцсийн байдлаар 47.0 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.8 тэрбум төгрөг буюу 9.3 хувиар буурчээ.

Нэгдсэн төсвийн 16.4 хувийг татварын орлого, 6.8 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 76.6 хувийг тусламжийн орлого эзэлж байна.

Төсвийн зарлага санхүүжилт 54.2 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 2.6 тэрбум төгрөг буюу 5.0 хувиар өсчээ.

Жилийн эцсийн байдлаар аймгийн нийт хөрөнгө оруулалт 3.0 тэрбум төгрөг байна.

II.3 Төсөл хөтөлбөр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөлд нийт ААНБ болон иргэдээс нийт 22 төсөл ирснээс 6 төсөлд 500.0 сая төгрөг олгосон байна.

Аймгийн хэмжээнд 47 өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулан, 225.0 сая төгрөгөөр малжуулаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөрийн хэмжээнд 13 иргэнд 39.0 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 12 иргэнд 24.0 сая төгрөг, нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хэмжээнд 315 иргэнд 82.6 сая төгрөг, ахмад настны зөвлөх үйлчилгээнд 4 иргэнд 7.5 сая төгрөг, хүнсний ногоо тариалах хөтөлбөрийн хүрээнд 51 иргэнд 12.8 сая төгрөг, мөн 29 иргэнд  241.0 сая төгрөгийн жижиг зээлийг тус тус олгосон.

II.4 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2017 оны 12 дугаар сарын байдлаар өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар тус тус  өслөө.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 0.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

II.5 Статистикийн бизнес регистрийн сан

 

Статистикийн бизнес регистрийн санд 2017 оны эцэст 959 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 761 буюу  79.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Өмнөх оны мөн үеэс үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага 22 буюу 2.9 хувиар өсчээ.

Бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцлагын хэлбэрээр нь нь авч үзвэл ХХК нь 51.2 хувь, төсөвт байгууллага 16.6 хувь, төрийн бус байгууллага 13.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн өндөр  байна.

 Ажиллагчдын тоогоор нь авч үзвэл 80.7 хувь нь  1-9 ажиллагчидтай, 6.6 хувь нь 10-19 ажиллагчидтай, 9.5 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.3 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна. Үйл ажиллагаа явуулаагүй 761 аж ахуйн нэгж, байгууллагыг шалтгаанаар авч үзвэл үйл ажиллагаагаа эхлээгүй 68 буюу 34.3 хувь нь, түр зогсоосон 89 буюу 45.0 хувь нь, бүрэн зогссоон 41 буюу 20.7 хувийг тус тус эзэлж байна.

Эдийн засгийн салбарын ангилалаар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа гэр ахуйн барааны үйлчилгээнд 258 буюу 33.9 хувь, нийгэм, бие хүнд үзүүлэх бусад үйлчилгээнд 124 буюу 16.3 хувь, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагаанд 80 буюу 10.5 хувь, хөдөө аж ахуйн, ан агнуур, ойн аж ахуйн салбарт 56 буюу 7.4 хувь,   төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын үйл ажиллагаанд 48 буюу 6.3 хувь, боловсролын салбарын үйл ажиллагаанд 47 буюу 6.2 хувь, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаанд 38 буюу 5.0 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

II.6 Хөдөө аж ахуй

Малтай болон малчин өрх, малчид: Энэ онд 10.1 мянган өрх, 55 аж ахуй нэгж, байгууллагад нийтдээ 3.5 сая толгой мал тоолууллаа. Нийт малтай өрхийн дотор мал бүхий 2.4 мянган өрх, малчин 7.6 мянган өрх, тавиул малтай 35 өрх байна. Хөдөө аж ахуйн тооллогын дүнгээр мал аж ахуйн салбарт 14.8 мянган малчид ажиллаж байна.

Нийт малтай өрхийн 45.8 хувийг 200 хүртлэх малтай өрх эзэлж байгаа нь урьд оноос 5.5 пунктээр буурч, 200-аас дээш малтай өрхийн тоо урьд оноос 5.5 пунктээр өссөн байна. 718 өрх мянгаас дээш мал тоолуулж, шинээр 156 мянгат малчин төрлөө.

Мал аж ахуй: Мал сүрэг урьд оноос 16.4 хувь буюу 498.0 мянгаар өсч, 3.5 сая мал тоологдсоны дотор тэмээ 8.3 мянга, адуу 315.6 мянга, үхэр 236.8 мянга, хонь 1.8 сая, ямаа 1.2 сая болжээ.

Аймгийн дүнгээр малын тоо 5 төрөл дээр өссөн байна. Сумдаар авч үзвэл Халзан сум 4 төрөл дээр, бусад сумд 5 төрөл дээр өсчээ.

Аймгийн хэмжээнд Мөнххаан сум нийт малаар 463.0 мянга мөн 237.2 мянган хониноор, 154.8 мянган ямаагаар, Түвшинширээ сум 1.3 мянган тэмээгээр, Эрдэнэцагаан сум 42.8 мянган адуугаар, Баруун-Урт сум 30.7 мянган үхрээр аймагтаа тэргүүллээ.

 Хээлтэгч мал 1.5 сая тоологдсон нь нийт малын 42.8 хувийг эзэлж байна. Оны эхний эх малын 87.0 хувь буюу 1.2 сая мал төллөж, 1.2 сая төл бойжуулж авлаа.

Оны эхний малын 0.4 хувь болох 12.9 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 172.7 мянган толгой малаар буюу 93.0 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 22, адуу 0.5 мянга, үхэр 4.4 мянга, хонь 4.8 мянга, ямаа 3.3 мянга толгой байна. Зүй бусаар хорогдсон том малын 35.9 хувь болох 4.6 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оноос өссөн байна.

Газар тариалан: Энэ онд үр тариа 7.5 мян.га-д, төмс 65.4 га-д, хүнсний ногоо 32.8 га-д, тэжээлийн ургамал 40.0 га-д, техникийн ургамал 1.6 мян га-д тариалж, 1.9 мянган тн үр тариа, 572.4 тн төмс, 255.9 тн хүнсний ногоо, 590.0 тн техникийн ургамал хурааж авсан нь урьд оноос төмс 57.8 тн буюу 11.2 хувь, үр тариа 73.9 тн буюу 4.1 хувь, техникийн ургамал 210 тн буюу 55.3 хувь, хүнсний ногоо 10.1 тн буюу 4.1 хувиар тус тус өссөн байна. Харин тэжээлийн ургамлын хувьд ургац алдсан байна.

            Хадлан 27.9 мянган тн өвс, хужир шүү 7.9 мянган тн, гар тэжээл  237.1 тн, дарш 11.0 тн тус тус бэлтгэсэн нь өмнөх оноос бэлтгэсэн гар тэжээл 7.7 тн буюу 3.4 хувь, хужир шүү 4.2 мянган тн буюу 2.1 дахин өсч, бэлтгэсэн өвс 21.3 мян.тн буюу 43.4 хувиар буурсан байна.

II.7 Аж үйлдвэр     

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 50.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.1 тэрбум төгрөг буюу 16.1 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 46.5 тэрбум төгрөг болж 18.1 хувь,  цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 3.2 тэрбум төгрөг болж 2.9 хувиар тус тус өсч харин боловсруулах аж үйлдвэрийнх 1.1 тэрбум төгрөг болж 2.2 хувиар буурлаа.

Оны үнээр 245.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 92.8 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, цахилгаан, нарийн боов,  хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэвийн боов, хэрчсэн гурил, цөцгий, дээлнээс бусад монгол хувцас, монгол гутал, монгол дээл, тэрлэг, туурга, төрөл бүрийн жавхдаст хөгжим, гэрийн бусад модон тавилга, сандал, гал зуух хоолны төмөр эдлэл, гэр ахуйн төмөр эдлэл, хуванцар хүрээтэй хаалга, цонх, эсгий зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Description: Description: \\KHAD\Users\Public\2014 on_taniltsuulga\MCCT_Medeelel_Alban_toot_2013.12.13\Information logo\20.jpgII.8 Тээвэр, холбоо

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд энэ онд 171.1 мян.тн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс 59.7 мян.тн буюу 25.9 хувиар буурчээ.

Мөн давхардсан тоогоор 42.1 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс зорчигчдын тоо 2.5 мянган хүн буюу 5.6 хувиар буурчээ.

Авто тээврийн орлого 12.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу 29.1 хувиар өссөн байна.

Тээврийн хэрэгслийн тооллогын дүнгээр 9.0 мянган тээврийн хэрэгсэл үзлэг тооллогод хамрагдсан нь өмнөх оноос 2.9 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: 87.8 хувь буюу 7.9 мянга нь автомашин, 8.7 хувь буюу 0.8 мянга нь мотоцикль, 2.3 хувь буюу 0.2 мянган нь чиргүүл, 1.2 хувь буюу 0.1 мянган нь механизм байна.     

Шуудан, холбоо: Холбооны үйлчилгээний орлого 584.3 сая төгрөгт хүрсний 122.2 сая төгрөг нь хүн амаас орсон байна. Өмнөх оны мөн үеэс холбооны орлого 21.0 хувиар, хүн амаас орох орлого 32.3 хувиар тус тус өсчээ.

Шуудан үйлчилгээний газар нь 75.6 мянган хэвлэл захилуулж,  10.8 мянган бичиг захидал, 0.4 мянган илгээмжийг явуулж ажилласан нь өмнөх оны мөн үеэс хэвлэл захиалга 98.9 хувиар, илгээмж үйлчилгээ 33.3 хувь, бичиг захидал 22.7 хувиар тус тус өсчээ.

Бичиг захидал 7.0 мянга, илгээмж 1.0 мянга, хэвлэл 107.3 мянгыг хүлээж авч, албан байгууллага, иргэдэд хүргэж үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс бичиг захидал 12.9 хувь, хэвлэл 66.4 хувиар тус тус өсч, илгээмжийн үйлчилгээ өмнөх оны түвшинд байна.

Телефон цэгийн тоо 514 болж, өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар буурсан байна.

II.9 Барилга

Барилгын байгууллагууд энэ онд нийт 7.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 2.7 тэрбум төгрөг буюу 34.2 хувь нь аймгийн барилгын байгууллага, 5.2 тэрбум төгрөг буюу 65.8 хувь нь гадны барилгын байгууллагууд хийж гүйцэтгэсэн байна.

эндээс эх файлыг татаж харна уу.

 

 

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2018.02.21 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1283

  Элсэн чихэр   кг   2117
  Цагаан будаа   кг   2300
  Шингэн сүү   литр   2300
  Хонины мах   кг   6000
  Үхрийн мах   кг   7000
  Ямааны ястай мах   кг   5000
  Бензин А-80   литр   1680
  Бензин Ай-92   литр   1790
  Дизель түлш   литр   2160
  Цагаан ноолуур   кг   80000
  Бор ноолуур   кг   80000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017 2018