АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭХНИЙ 11 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2016 он 12 сар 13. 10 цаг 22 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 11 сард 1167 хүүхэд шинээр мэндэлж, 305 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 862 болж урьд оны мөн үеэс 12.3 хувь буюу 121 хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 20.1, нас баралт 5.2 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.4 пунктээр буурч, нас баралт адил түвшинд байна.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2016 оны 11 дүгээр сарын эцэст 935 болсны 448 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 659 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 12.1 хувь буюу 91 хүнээр, 2015 оны 12 дугаар сарын эцсээс 52.5 хувь буюу 227 хүнээр тус тус өссөн байна.

Эхний 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст 3474 ажилгүй иргэн шинээр бүртгүүлсний 562 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 71.2 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 18.7 хувь нь дээд, 2.4 хувь нь тусгай дунд, 14.7 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 53.6 хувь нь бүрэн дунд, 7.9 хувь нь суурь, 1.5 хувь нь бага боловсролтой, 0.9 хувь нь боловсролгүй, 0.3 хувь нь магистр, доктор хүмүүс байна.

Эхний 11 дүгээр сарын байдлаар 573 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буюу 9-өөр өссөн байна. Шинэ ажлын байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 127 буюу 22.2 хувийг эзэлж байгаа нь бусад салбараас өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж:

Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс нийт 4.7 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 22.1 мянган иргэнд олгосноос халамжийн сангаас 3.4 тэрбум төгрөгийг 14.5 мянган иргэнд, улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг 7.6 мянган иргэнд тус тус олгожээ.

 I.4 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 228.8 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 2.5 мянган хүн буюу 1.1 хувиар буурсан байна. Харин 12.1 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.5 мянган хүн буюу 4.3 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 81.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 7.3 мянган хүн буюу 9.8 хувиар өссөн.

Түргэн тусламжийн дуудлага 15.3 мянган удаа гарсны 4.2 мянга буюу 27.5 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 10.5 хувиар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 11 сард амаржсан эх 1159, амьд төрсөн хүүхдийн тоо 1167 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 119 буюу 9.3 хувь, хүүхдийн тоо 110 буюу 8.6 хувиар тус тус буурсан байна.

Нялхсын эндэгдэл эхний 11 сард 27 болж өнгөрсөн оны мөн үеэс 3 хүүхэд буюу 12.5 хувиар өсч, харин 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 5 болж өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 1215 болж, өмнөх оны мөн үеийнхээс 488 хүн буюу 67.1 хувиар өсөхөд улаан бурхан, цусан суулга, салхинцэцэг, тэмбүү, гар хөл амны өвчин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 11 сард 300 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 55 хүн нас барж, 160 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 1-ээр буурчээ. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 664.3 сая төгрөгийн хохирол учирсны 65.8 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 307 хүн холбогдон сэжиглэгдсэний 32.6 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 461 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 133 хүн буюу 22.4 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 50 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 83.5 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.2 пунктээр өссөн байна.

 

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, Капитал банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 100.1 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 6.3 тэрбум төгрөг буюу 6.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар тус тус өссөн байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 38.1 тэрбум төгрөг болж оны эхнээс 5.4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 7.7 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 11 дүгээр сарын эцэст 3.5 тэрбум болж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 11 сард 45.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.3 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар, төсвийн зарлага санхүүжилт 43.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.0 тэрбум төгрөг буюу 10.0 хувиар тус тус өсчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 12.3 хувийг татварын орлого, 4.0 хувийг татварын бус орлого, 0.2 хувийг хөрөнгийн орлого, 83.5 хувийг тусламжийн орлого тус тус эзэлж байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2016 оны 11 дүгээр сард өмнөх сараас 0.8 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 хувь, жилийн эцсээс 1.2 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөхөд хүнс бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.8 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын бүлгийн үнэ 0.5 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 1.1 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.1 хувиар, бусад бараа, үйлчилгээний 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын байдлаар 514.6 тн төмс, 245.8 тн хүнсний ногоо, 1.8 мян тн үр тариа, 380.0 тн техникийн ургамал, 48.2 мян.тн өвс, 1.4 мян.тн гар тэжээл, 1.2 мян.тн хужир, шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс хүнсний ногоо 8.7 тн буюу 3.7 хувь, бэлтгэсэн гар тэжээл 1.2 мян.тн буюу 5.3 дахин, бэлтгэсэн өвс 28.5 мян.тн буюу 144.2 хувиар тус тус өсч, техникийн ургамал 595 тн буюу 61.0 хувь, бэлтгэсэн хужир, шүү 1.2 мян.тн буюу 42.1 хувь, төмс 86.4 тн буюу 14.4 хувиар буурсан гүйцэтгэлтэй байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 39.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.3 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өсчээ. Ангиллаар нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 35.8 тэрбум төгрөг болж 13.4 хувь,  боловсруулах аж үйлдвэрийнх 1.2 тэрбум төгрөг болж 5.1 хувь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 2.7 тэрбум төгрөг болж 1.6 хувиар тус тус өслөө.

Оны үнээр 126.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 20.4 тэрбум төгрөгөөр дээгүүр гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хүрэн нүүрс, цайрын баяжмал, хайрга, дулаан, цахилгаан, ааруул, аарц, бууз, банш, бялуу, зайрмаг, нарийн боов, талх, тараг, хиам, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, хэрчсэн гурил, ажлын хувцас, пальто, өмд, хүүхдийн өлгий гэрийн бусад модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, ширмэн болон төмөр зуух, бетон зуурмаг, замын хавтан, хашлага, таваарын бетон, тоосго, вакум цонх, хүрмэн блок, ариун цэврийн цаас зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

 

 

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

 

 

 


Сэтгэгдэл бичих
7 хоногийн үнийн мэдээ
2017.01.18 ны байдлаар, төг
   Гурил Алтан тариа I   кг  

1233

  Элсэн чихэр   кг   2267
  Цагаан будаа   кг   2100
  Шингэн сүү   литр   1800
  Хонины мах   кг   5000
  Үхрийн мах   кг   6000
  Ямааны ястай мах   кг   4000
  Бензин А-80   литр   1580
  Бензин Ай-92   литр   1690
  Дизель түлш   литр   1820
  Цагаан ноолуур   кг   50000
  Бор ноолуур   кг   50000
 

  7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй 2013 2014 2015 2016 2017

  Ulaanbaatar Time